
Дэлхийн хөргөлтийн өдөрт зориулсан оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Дэлхийн хөргөлтийн өдөрт зориулсан оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлгийг “Ухаалаг хөргөлт” уриан дор зохион байгууллаа.
Улаанбаатар хот, 2026 оны 6 дугаар сарын 26 — “Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”–ийн II үе шатыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Озоны үндэсний алба (ОҮА) болон Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль хамтран оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлгийг анх удаа 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Энэ жилийн Дэлхийн хөргөлтийн өдрийг “Cool Intelligence” буюу “Ухаалаг хөргөлт” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд тогтвортой хөргөлтийн технологийг хөгжүүлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хөргөх бодисын амьдралын мөчлөгийн зөв менежментийг төлөвшүүлэх, мөн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байна.
Уулзалтын хүрээнд “Хөргөлтийн технологийн шилжилт ба дэлхийн чиг хандлага”, “Монгол Улс дахь хөргөлтийн салбарын технологийн хөгжил, тулгамдаж буй асуудлууд”, “Хөргөлтийн салбарын хүний нөөцийн хэрэгцээ, шаардлага” сэдвүүдээр панел хэлэлцүүлэг өрнөж, төрийн байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн төлөөлөл оролцон салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиглэл болон хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Арга хэмжээнд БОУАӨЯ-ны Озоны үндэсний албаны захирал, профессор Ц.Адъяасүрэн, ОҮА-ны ахлах мэргэжилтэн бөгөөд HPMP хөтөлбөрийн зохицуулагч Д.Дуламсүрэн, МХХАХ-ны Удирдах зөвлөлийн дарга Х.Оргил, “Хөргөлтийн шинэ эрин” сургалт, судалгааны төвийн тэргүүн, Монгол Улсын зөвлөх инженер (Ph.D) Ш.Энх-Амгалан, ШУТИС-ЭХИС-ийн багш, Итали Улсад зохион байгуулагдсан хөргөлт, агааржуулалтын салбарын сургагч багш, үнэлгээчин бэлтгэх сургалтад хамрагдсан магистр Э.Оюу-Эрдэнэ, ШУТИС-ЭХИС-ийн хөтөлбөр хариуцсан дэд профессор М.Оюун-Эрдэнэ, “Термо Тех” ХХК-ийн ХАС-ийн инженер Ө.Мөнхтулга, “Синус Дочи” ХХК-ийн төслийн менежер Т.Шижирбаатар, “Хөргөлт сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Рэнцэндорж, “Арвайн Үндэс” ХХК-ийн Монгол Улсын зөвлөх инженер Д.Яндүүлэн, “Сэрүүн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жаргалзаяа, “MCS Coca-Cola” ХХК-ийн ашиглалт хариуцсан ахлах инженер А.Нямдаваа, “Хөргөлт инженеринг” ХХК-ийн хүний нөөцийн менежер, магистр Н.Оюунгэрэл болон хөргөлтийн салбарын эрдэмтэн, судлаач, инженер, аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг нийт 60 гаруй хүн оролцов.
Уулзалтын гол үр дүн, ач холбогдлын хүрээнд тогтвортой хөргөлтийн технологийн талаарх ойлголтыг бэхжүүлэв. Оролцогчид дэлхийн хөргөлтийн салбарын хөгжлийн чиг хандлага, бага дэлхийн дулааралд нөлөөлөх чадвартай (ДДНЧ) хөргөх бодисын хэрэглээ, эрчим хүчний өндөр үр ашигтай тоног төхөөрөмж, хөргөх бодисын амьдралын мөчлөгийн менежментийн ач холбогдлын талаар мэдлэг, мэдээллээ харилцан солилцлоо.
Мөн Монгол Улсын хөргөлтийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, техник, технологийн шинэчлэл, аюулгүй ажиллагаа, олон улсын стандартын хэрэгжилт, хувийн хэвшлийн оролцоо зэрэг асуудлыг олон талын оролцоотой хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов.
Хөргөлтийн салбарын инженер, техникчдийн ур чадварыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, бакалаврын болон мэргэжлийн, техникийн боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, хөргөлт, агааржуулалтын системийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээний сургалтыг өргөжүүлэх, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог сайжруулах, ажил олгогч болон сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
Энэхүү уулзалт, хэлэлцүүлэг нь хөргөлтийн салбарын тогтвортой хөгжил, технологийн шилжилт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, байгаль орчинд ээлтэй хөргөлтийн шийдлүүдийг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ болж, оролцогч талууд өөрсдийн санал, туршлагаа солилцон цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг бататгалаа.
Арга хэмжээний зураг





Дэлгэрэнгүй мэдээлэл авах
Энэ сэдвээр сургалт, хамтын ажиллагаа эсвэл гишүүнчлэлийн мэдээлэл авах бол холбооны багтай холбогдоорой.
Холбоо барих